ХОВД АЙМАГТ МАН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
Монгол орны баруун хязгаар нутагт МАН-ын анхан шатны байгууллага үүссэн түүхийг Чандмань уулын аймаг, Ховд хязгаар, Ховд аймаг гэсэн тухайн үеийн Засаг захиргааны зохион байгуулалттай холбож бичих нь ойлгоход арай дөхөмтэй юм.
1923 оны 4-р сарын сүүлээр Ховд хязгаарын цэрэг, ардыг сурган боловсруулах хэлтсийн орлогч дарга Жажинбал, сургагч Б.Равдан нараас Ховд хязгаар, Дөрвөд аймаг хоёрт нам, эвлэлийн байгууллага байгуулах хүсэлтийг МАН-ын Төв хороонд тавьж улмаар 1923 оны 5-р сарын эхээр Ховдын сайдын яамны дэргэд намын үүр нээн байгуулах тухай хэлэлцэж анхны үүрийг байгуулах саналыг уламжласнаар 1923 оны 6-р сарын МАН-ын төв хорооны IX бүгд хурлаас баталж Ховд хязгаарын МАН-ын орон нутгийн байнгын байгууллага намын 39-р үүрийг Ховд хотын Сайдын яамны дэргэд байгуулжээ.
Ийнхүү 39-р үүрт нэгдэхээр саналаа өгсөн гишүүд 1923 оны 6-р сард хамтран хуралдаж тэмдэг, дүрэм, бат илэрхийлэхээ авч ажил хэргээ тогтмол эрчимтэй явуулахаар тогтсон байна.
Намын 39-р үүр анхны хурлаа хийж Ховд хязгаарын цэрэг ардыг сурган боловсруулах хэлтсийн сургагч Б. Равданг үүрийн даргаар баталж, МАН-ын II их хуралд төлөөлөгчөөр сонгон “Баруун хязгаарын намын байгууллагын тухай” илтгэл тавиулж, Намын төв хорооны гишүүнээр сонгогдсон байна.
1923 онд МАН-ын үүр, хошуу сумдад байгуулах зохион байгуулалт авагдаж МАН-ын 63-үүр /Одоогийн Эрдэнэбүрэн сум/ 64-р үүр Мянгад, 83-р үүр Буянт, Чандмань, Манхан, Дарви, Цэцэг зэрэг сум, хошуудад нийт 15 үүртэй болжээ.
1924 онд 5-р сард Ховд хязгаарын МАН-ын олон үүрийн төлөөлөгчид нийлэн хуралдаж, хуралд Намын төв хорооны төлөөлөгч бөгөөд Ховд хязгаарын 39 үүрийн дарга Б.Равдан “ Ховд хязгаарын Намын хороо байгуулах тухай” мдээлэл илтгэл хэлэлцүүлж Намын төв хорооны 84 тоот бичгийг уншин танилцуулж, тус хурлаас 39-р үүрийг Ховд хязгаарын Намын хороо болгон өргөтгөсөн түүхтэй.
Ийнхүү Ховд хязгаарын намын хороог Буянт голын хөвөөнд 2 гэртэйгээр ажил хэргээ явуулж эхэлсэн бөгөөд намын хороогоо бэхжүүлэхийн тулд хашаа, байшин, цэнгэлдэх хүрээлэн зэргийг барьж абйгуулахад дэмжлэг үзүүлэхийг НТХ, Засгийн газарт хүсэлт тавьжээ.
Ардын Хувьсгалын дараа 30-аад оны эхэн үед Баруун хязгаар нутагт шийдвэрлэвэл зохих олон түвэгтэй ажил асуудлууд хуримтлагдсан байсан юм. Торгууд, Захчин, Урианхай,Казак зэрэг зах хязгаарын олон яснуудын асуудлыг эв зүйгээр шийдэх, сүм хийд, лам нар, нударган баячууд, жасын эрх мэдлийг хязгаарлах, эд хөрөнгийг хураахаас үүдэн гарах бухимдал, төөрөгдөл, үймээн самуун, Хятадын Шинжаан руу дүрвэсэн хилийн зөрчил, зүүнтний алдаа завхрал, хамтрал коммуны асуудал гээд олон зүйлийг зохицуулахад хязгаарын намын байгууллагууд маш их зүтгэл чармайлт гаргаж ажиллаж байжээ. Ийм нөхцөл байдалд зөв дүгнэлт гаргаж, хязгаар нутгийн янз бүрийн уламжлал заншилтай, олон ястан ард иргэдийн дунд нам,засгийн шийдвэрийг сурталчлан ойлгуулах, тэдэнд үнэмшүүлэн итгүүлэх явдал намын байгууллагаас зохиох ажлын гол цөм чиглэл байв.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ардын Хатанбаатар Магсаржав Ховд хязгаарт ирж, 1924 оны 8-р сарын 21-24-ний өдрүүдэд Нам эвлэлийн хамтарсан хуралд МАН-ын төв хорооны зүгээс байр хүргэж, намын дүрэм, хэм хэмжээ,”Эрмэлзэх 10 зүйлийг” тайлбарлан, намын гишүүдийн сахилга журам, тангарагаа даган мөрдөж явах талаар ухуулан сэнхрүүлжээ. Ховдын хязгаарын намын хороо эгнээний хувьд өсөж 1925 онд намын гишүүд, орлогчид 911, үүний дотор эмэгтэйчүүд 22,эвлэлийн гишүүн давхар яваа 67,хоршооны гишүүн 206, ард 878 байснаас бичиг үсэг мэддэг уншиж чаддаг хүн 135 байжээ.
1926 оны 8-р сард хуралдсан Баруун хязгаарын намын байгууллагын III их хурлаас Ховд хязгаарын намын хороог, Чандмань уулын аймгийн намын хороотой нэгтгэж Одоогийн Увс аймгийн төв Улаангомд суурьшуулах НТХ-ны 1926 оны 10-р сарын 23-ны бүгд хурлаас шийдвэр гаргасныг баталсан боловч жил хүрэхгүй 1927 оны 7-р сарын 10-ны хурлаараа эргэн хэлэлцэж Ховд хязгаарт шилжүүлэн төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.
1930 оны 12-р сард хуралдсан Улсын бага хурлаас хошуудыг татан буулгаж, Засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийж, аймгийг олшруулах шийдвэр гаргаснаар 1931 оны 3 сараас Ховд аймаг 75км2 газар нутагтай, 43100 хүн амтай,1сая 697 мянган малтай тусдаа салж аймгийн нутгийн хил тогтоосон байна.
1931 оны 2-р сарын 24-өөс, 3-р сарын 6-ны хооронд Ховд аймгийн намын байгууллагын анхдугаар хурлыг зохион байгуулж анхан шатны үүр хэсгээс 1178 гишүүнийг төлөөлж 42 төлөөлөгч хуралдаж, Чандмань уул аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ш.Рэнцэнгийн илтгэлийг хэлэлцэж Ховд аймгийн намын хорооны даргаар Ш. Рэнцэн, орлогч дарга бөгөөд зохиолын эрхлэгчээр Б.Баасанжав нарыг сонгон баталжээ. Ингэж Ховд аймгийн намын хороо гэж нэрлэсэн байна.
Аймгийн намын байгууллага 1940-1960 онуудад хуралдсан МАН-ын 4 удаагийн их хурал, 20 гаруй бүгд хурал хуралдаж Улс орныхоо нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чухал шийдвэр гаргасан он жилүүд байсан юм.
1940 оны шинэ үндсэн хууль, МАН-ын X их хурлын шийдвэрүүдийн үзэл санааг ард иргэдэд тайлбарлан таниулж хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж дэлхийн II дайны үеийн бэрхшээлийг даван туулах, Улаан армийн ялалтыг хангахад бүх талаар туслах, 1,2-р таван жилийн Улс орны бүхий л салбарын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, ард түмний аж амьдрал,боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллажээ. Мал сүргээ өсгөх, боловсрол, соёл, эрүүлийг хамгаалах, тээвэр холбоо, үйлдвэр худалдаа, тээвэр холбооны ажлыг хөгжүүлж сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажилласан.
Энэ онуудад хөдөө аж ахуйд нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлэх, атар газрыг эзэмших ажлуудыг зохион байгуулж, 255 нэгдэл, .... сангийн аж ахуй байгуулж материалаг баазын хувьд бэхжүүлэх ажлыг намын шат шатны байгууллага, удирдах ажилтан намын гишүүд амжилттай хэрэгжүүлсэн байна.
1960-1990 онуудад МАН, түүний гишүүд, Улс орны нийт салбарт удирдан зохион байгуулах ажлыг амжилттай өрнүүлэн Мал аж ахуйг хашаажуулж, билчээрийг усжуулах, хадлан тэжээл бэлтгэх, нэгдэл,бригадын төвийг тохижуулах,малын сүү, тос ааруул боловсруулах, ноос, ноолуур, хөөвөр хялгасны үйлдвэрлэлийн даалгаврыг үзүүлэлт нэр төрөл дээр ханган биелүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлан ажилласан түүхэн он жилүүд байжээ. Улаанбаатар, Дархан,Эрдэнэт хот, аймаг,сумдын төвийг тохижуулан барилгажуулж хөгжүүлэх, үйлдвэрлэл /Мах компанит, Арьс шир, Дарханы нэхий, цемент, силка тоосго, Румени мебел кордан, Ноолуур,Сүлжмэл,Ээрмэл, Нэхмэл, Гутал,талх, чихэр боов, сүүний / гэх мэт үйлчилгээний салбарыг жигд эрчимтэй ажиллуулж, хүн амын өргөн хэрэгцээг хангахуйц хөгжүүлж ажиллуулсан билээ.
1979 онд Ховд аймагт МУИС-ийн салбар их сургуулийг Намын төв хорооны шийдвэрээр байгуулагдсан нь Баруун бүсэд анхны их сургууль болж Увс, Баян-өлгий, Завхан, Говь-алтай аймгаас оюутан элсүүлсэн сургаж, салбар бүрийн боловсон хүчнийг хангаж ажиллуулсан чухал ач холбогдолтой байна.
1999 оноос хойш МАН парламентын намын тогтолцоонд шилжиж Улс орны бүхий л салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах 1960 оны үндсэн хуулийн заалтаас татгалзаж зөвхөн бүх шатны сонгуулийн жилүүдэд мөрийн хөтөлбөрөө гарган нэр дэвшигчидээ сонгон шалгаруулж ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар оролцдог болсон.
1990-2000 онд Улс орны хувьд Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт, Нэг намын тогтолцооноос олон намын системд шилжсэн шилжилтийн он жилүүд байлаа. Ардчилсан хувьсгалын жилүүд явагдсан 1990, 1992, 1996 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд аймгийн намын байгууллага үнэмлэхүй олонх болж байсан.
1999 онд Аймгийн намын хороог өөрийн гэсэн байртай болгох санал санаачлагыг тухайн үеийн дарга, тэргүүлэгчид нийт гишүүдэд уриалж, идэвхтэй хөдөлгөөн өрнүүлснээр 2000 онд өнөөгийн байрыг ашиглалтад оруулан нам ажлаа тогтмол явуулах боломжийг бүрдүүлсэн нь улсдаа санаачлагчтай ажилласан аймгийн байгууллага болжээ.
Аймгийн МАН-ын хорооны дэргэд Ахмадын холбоо 1999 оны 12-рсарын 26 нд, Эмэгтэйчүүдийн холбоо 1994 онд, Залуучуудын холбоо 1997 онд, Оюутны холбоо 1999 онуудад тус тус өөрсдийн идэвхтэй санаачлагын үр дүнд байгуулагдаж намаа дэмжиж туслах үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эгнээгээ өргөтгөж идэвх үыл ажиллагааг тогтмол явуулан ажиллаж байна.
2003 онд Ховд аймагт МАН үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг гарган гишүүд дэмжигчидтэй ажиллах ажиллагааг эрчимжүүлж өргөн дэлгэр тэмдэглэж, “Ховд хязгаарын улс төрийн намын үүсэл хөгжлийн хураангуй түүх” номыг аймгийн намын байгууллагад ажиллаж байсан ахмад ажилтан сонгуультнууд оролцсон ажлын хэсэг гарган аймгийн намын түүхийг бүтээлээ. Энэ номыг 2011 онд баяжуулан Сумдын намын байгууллагаа оруулан Ховд аймгийн МАН 90 жилд гэсэн номыг эмхэтгэн гаргасан.
2000- 2020 онд зохион явагдсан УИХ-ын болон орон нутгийн 6 удаагийн сонгуульд аймгийн намын байгууллага 2020 оны УИХ-ын 3 суудлаас 1 нэр дэвшигчээ, 2012 оны аймгийн ИТХ-д цөөнх болж, бусад ээлжит сонгуульд дийлэнх ба олонх суудлыг авч эрх барьж ажилласан амжилт гаргаж байсан. 2001, 2005, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ аймгаас гаргаж, 2009, 2013, оны сонгуульд аймгаас нэр дэвшигчээ гаргаж чадаагүй байна.
“Чандмань уул аймгийн Ховд хязгаарын намын дарга, Ховд аймгийн намын хорооны дарга, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс.
Намын байгууллагын үе үеийн хамтын холбоо, улс төрийн ган бат, эв нэгдэлд суурилан, Ховд аймгийн МАН-ын хороо нь шат шатны сонгуульд дэвшүүлж ирсэн мөрийн хөтөлбөр, намын дүрмийг дагаж, мөрдөж намын гишүүд дэмжигчдэд намын бодлого, чиглэлийг сурталчилах, сонгогдсон УИХ, гишүүд орон нутгийн ИТХ-ын төлөөллөөр дамжуулан, аймаг орноо “Баруун бүсийн төв” болгон хөгжүүлэх бодлого чиглэл гарган ажиллаж байна. Ховд МАН-ын хороо нь өнөөдөр намын дарга дэд дарга, 17 тэргүүлэгч, намын дэргэдэх 4 төрийн бус байгууллага, хяналтын хороо, 17 сумын намын хороо, 91 үүрийн бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж. Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Дүгэржав, Дэд даргаар Т.Баатарзориг нар ажиллаж байна.
А. УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД:
Сонгуулийн жил | Д/Д | УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэрс | Авсан саналын тоо | Намын харьяалал | Хэд дэх удаа сонгогдсон |
1992-1996 | 1. 2. 3. | Ж.Норовсамбуу Ж.Бямбадорж Д.Дэмбэрэл | 83.5 76.5 71.8 | МАН МАН МАН | 1 1 1 |
1996-2000 | 4. 5. 6. | Ж.Норовсамбуу Ж.Бямбадорж Д.Дэмбэрэл | 64.8 54.6 46.5 | МАН МАН МАН | 2 2 2 |
2000-2004 | 7. 8. 9. | Г.Нямдаваа Д.Дэмбэрэл Ц.Дамиран
| 66.9 47.4 47.6 | МАН МАН МАН | 1 1 3 |
2004-2008 | 10. 11. 12. | Д.Дэмбэрэл Л.Пүрэвдорж Ц.Дамиран
| 50.37 57.42 50.37 | МАН МАН МАН | 2 1 4 |
2008-2012 | 13. 14. 15. | С.Бямбацогт Д.Дэмбэрэл Р.Амаржаргал | 52.80 42.29 40.38 | МАН МАН АН | 1 5 1 |
2012-2016 | 16. 17. 18. | С.Бямбацогт Д.Батцогт Д.Дэмбэрэл | 42.03 32.63 Ковот | МАН АН МАН | 2 1 6 |
2016-2020
| 19. 20. 21. | С:Бямбацогт О.Батнасан Б.Пүрэвдорж
| 48.69 48.34 48.69
| АН МАН МАН | 1 3 1 |
2020-2024 | 22: 23: 24. | Ш.Адьшаа Б.Пүрэвдорж С.Бямбацогт | 52.30 43.9 42.83 | АН АН МАН
| 1 2 4 |
УИХ-ын 8 удаагийн сонгууль нийт 24 сонгогдсоноос 19 МАН-аас нэр дэвшиж 5 АН-аас дэвшиж ялалт байгуулжээ.
Д.Дэмбэрэл тус аймгаас 6 удаа дараалан сонгогдож улсад тэргүүлсэн төдийгүй Монгол улсын төрийн “ДАРХАН” түшээ
С.Бямбацогт 4 удаа сонгогдож Монгол улсын “МАНЛАЙ” түшээгээр тус тус шалгарсан байна.
Б.ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДҮН:
Сонгуулийн жил | Төлөөлөгчийн тоо | МАН-аас сонгогдсон төлөөлөгчийн тоо | АН-аас сонгогдсон төлөөлөгчийн тоо | Бусад намаас сонгогдсон төлөөлөгчийн тоо | |
1992-1996 | 58 | 53 | 5 |
| |
1996-2000 | 30 | 17 | 13 |
| |
2000-2004 | 30 | 27 | 3 |
| |
2004-2008 | 30 | 18 | 12 |
| |
2008-2012 | 31 | 21 | 9 | 1 | |
2012-2016 | 41 | 13 | 27 | 1 | |
2016-2020 | 41 | 24 | 17 |
| |
2020-2024 | 41 | 27 | 13 | 1 | |
2020 оны Орон нутгийн сонгуульд МАН 52%, АН 47.9%, Бусад нам 0.1%-ын санал авч аймаг, 9 суманд олонхи болсон амжилт үзүүлэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.